Та өөрийгөө товчхон танилцуулна уу.
Намайг Энхтөрийн Цэдэн гэдэг. Би 2014 онд СЭЗИС-ийн маркетингийн менежментийн ангийг төгссөн.
Яагаад маркетингийн салбарт ажиллах болсон бэ?
Манай сургуульд бизнесийн менежментийн болон маркетингийн менежментийн ангиуд байсан ч би өөрийгөө илүү маркетингийн чиглэлдээ ажиллах сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Тэгээд сургуулиа төгсөөд ажлын саналуудаас Viral маркетингийн агентлагт ажиллах сонголт хийсэн юм. Тэндээс би Монголын зах зээл болон сошиал медиа хэрэглээний тухай онцлогийг илүү гүнзгий танин мэдэж, энэ салбарт илүү дуртай болсон.
Загварын салбарт юуны улмаас хүчээ сорихоор шийдсэн бэ?
2017 онд “Гоёо” компанид ажиллаж байхдаа хувцас загварын салбарт ихээхэн сонирхолтой гэдгээ анзаарсан. Тухайн үед би уг салбарт өөрийнхөө байр суурийг тодорхойлж, энэ чиглэлээр ажиллах шийдвэрийг гаргасан. Үүний дараа "BTF" компанид гадаад харилцаа, маркетингийн албанд ажиллах боломж олдсон. Энд би шинэ сорилтуудтай нүүр тулж, зөвхөн маркетингаас илүү өргөн цар хүрээг харж ажиллах чадварыг суралцаж байгаа. Манай компани дэлхийд танигдсан томоохон брендүүдийн бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирдэг бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн ойлгохын тулд тодорхой хэмжээнд судалгаа хийж, тухайн брэндүүдийн загваруудын онцлог зэргийг нийцүүлэхийг чухалчлан ажилладаг. Өөрөөр хэлбэл, ажиллаж буй компанийхаа онцлог болон гүйцэтгэж буй ажлын цар хүрээгээрээ дэлхий нийтийн загварын чиг хандлагыг монголын хэрэглэгчдэдээ зориулан сонголт хийж авчран, зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа нь өөрийгөө хөгжүүлэнгээ ажиллах том боломжийг олгож байна гэж харж байгаа. Мөн өмнө нь ахлахынхаа хэлж байсан үгийг ерөөсөө мартдаггүй юм. Маркетингийн чиглэлээр ажиллахад эмэгтэй хүнд загварын салбар хамгийн чамин санагддаг гэж байсан нь. Тэр бодолтой би өөрөө ч санал нийлдэг болжээ.
Та өөрийн ажиллаж буй Маркетингийн салбарын онцлогийг юу гэж тодорхойлох вэ?
Манай зах зээл дээр сошиал медиа хэрэглээ өндөртэй мөн уламжлалт маркетингийн сувгууд ч нөлөөтэй хэвээрээ байгаа гэж санагддаг. Түүнчлэн, Gen Z үеийнхний нийгмийн хариуцлагын талаархи ойлголт өндөр байдаг нь эерэг хандлага бөгөөд тэд байгаль орчноо хамгаалах, нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг чухалчилдаг. Энэ нь олон улсын маркетингийн хандлага өндөр нөлөөлөлтэй байх магадлал өндөртэй байдаг. Түүнийгээ дагаад сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажлууд нь нийгэмд илүү их үнэлэгдэж, өндөр ач холбогдолтой болж анхаарал татаж чадаж байна. Зөвхөн маркетингийн үйл ажиллагаанууд бус бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бий болгоход эх дэлхийдээ, хүрээлэн буй орчиндоо ямар эерэг нөлөөлөл, хор хөнөөлгүй байгааг зах зээл мэдрэг хандаж сонголтоо хийдэг болсон байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд танай кампани ямар үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байсан бэ?
Нийгэм байхгүй бол бизнес байхгүй шүү дээ. Тэгэхээр бүхий л бизнесүүд нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээгдэхүүнээ гаргаж, төсөл хөтөлбөрүүдээ боловсруулаад явж байгаа. Манай компани өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төвд борлуулалтын тодорхой хувийг хандивласан бөгөөд энэ нь өмгөөллийн хөлс, байрны хөлс зэргийг нөхөхөд зарцуулагдсан. Мөн хүүхэд хамгааллын төвд хандив өгсөн ба компанийн хамт олны санаачилгаар “Өгөх өдөр” гэж цусаа хандивлах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Эдгээр үйл ажиллагаанууд бизнесийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй жижиг ч гэсэн хувь нэмэр юм. Түүнчлэн ажилчдынхаа ажлын орчинг сайжруулах, ажиллах цагийг уян хатан байлгах зэргээр анхаардаг нийгэмдээ өгч буй багахан ч гэсэн үнэ цэн гэж хардаг.
Мөн манай оруулж ирдэг брэнд бүр бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ус, цахилгаан бага зарцуулах, далайгаас гаргасан хог хаягдлыг дахин боловсруулсан түүхий эдээр бүтээгдэхүүн гаргах зэргээр эх дэлхийдээ бодитоор эерэг нөлөөллийг үзүүлэх хувьсалд нэгэнт шилжсэн байгаа юм.
Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?
Ажил мэргэжлийн хувьд бүтээлч байдал байнга шаардагддаг учраас эргэн тойрноо сайтар ажиглах дуртай, бас яг одоогийн цаг мөчөө мэдрээд суух дуртай, яг тэр үед бүтээлч санаанууд төрдөг санагддаг. Хүн ямар нэгэн байдлаар бүтээлч санаагаа гаргаад байж болох ч гол нь бусадтай хуваалцах, бусдыг сонсох, ярилцах нь илүү “гайхалтай” санааг бий болгодог гэж боддог.
Бүтээлч байдал бол маркетингийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс хамгийн ихээр хүлээдэг чанар. Инновацилаг, интерактив байдлуудыг шингээсэн байх нь хүмүүсийн анхаарлыг сайн татаж, зорилго биелэгддэг хэдий ч би хувьдаа илүү “утга учир”-тай байлгахад анхаарахыг илүүд үздэг. Утга учир нь уялдсан, хүргэхээр зорьж буй зах зээлдээ тохирч байвал гадаад дотоодын сайн санаануудыг маш сайн хөрсөн дээрээ буулгах нь ч яагаад байж болохгүй гэж бас л бүтээлч ажил шүү дээ гэж боддог.
Таны бүтээлч байдалд нөлөөлдөг таван хүчин зүйлийг нэрлээч ?
Хөгжим, ажлын орчин, эргэн тойрны харилцааны уур амьсгал, найзууд эсвэл багийнхантайгаа нээлттэй, халуун дулаан яриа өрнүүлэх, гадны кампаниудын гоё маркетингийн ажлуудаас их урам зориг авдаг.
Маркетингийн менежер байхад ямар, ямар ур чадвартай байх шаардлагатай вэ? Таны хувьд сайн маркетер гэж ямар хүнийг хэлэх вэ?
Анх ажлын байран дээр гарахдаа залуусын төсөөлөл нилээд өөр байдаг. Бодит байдал дээр бол олон төрлийн нөхцөл бололцоо дээр тохируулан хөрвөх чадвар чухал байдаг. Мөн маркетер хүнд мэдрэмжтэй байх нь нэн чухал. Тэд зах зээлээ мэдрэхээс гадна жижиг детайлуудад ч анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Сайн маркетер гэхээсээ илүү ямар ч ажил мэргэжил дээр сайн байх нь хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай, түүндээ сэтгэлээсээ ханддаг байх, тасралтгүй суралцагч байж чаддаг байвал гэж хувьдаа боддог.
Таны хувьд шилдэг гэж бодсон зар сурталчилгаанаасаа бидэнд хуваалцвал?
Миний хувьд утга учиртай, өөрийн гэсэн үнэ цэн бүхий, цаанаа хүнд ямар нэгэн санааг үлдээсэн зар сурталчилгааг их үнэлдэг. Өөрөө ч ажлаа хийхдээ урт хугацаандаа үнэ цэн өгөхүйц, асуудлын шийдлийг эрэлхийлсэн байдлаар хийхийг эрмэлздэг. Зөвхөн бүтээгдэхүүн дээрээ төвлөрсөн сурталчилгаанууд маш түгээмэл учраас уйтгартай санагддаг. Дэлхийн хэмжээнд "Coca Cola" компанийн зар сурталчилгаа, кампанит ажлууд цаанаа дандаа агуулгатай байдаг. Монголоос гэвэл 2022 онд Unitel-ийн шинэ жилийн кампанит ажлын сурталчилгааг би тод санаж байна. Энэ сурталчилгаа нь утга учиртай, үр дүнтэй байсан бөгөөд "Merch" буюу дагалдах бүтээгдэхүүн нь маш бүтээлч байсан.
Кампанит ажлыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?
Цаг үеийн шаардлагыг мэдрэх нь чухал. Хэт бүтээлч байдал эсвэл орчин үеийн шаардлагаас хэт хол байх нь заримдаа үр дүнгүй байдаг. Мэдрэмжтэй байж, бүх зүйлсийг тааруулах нь чухал.
Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье!
Comments