Та өөрийгөө товчхон танилцуулна уу.
Намайг Пүрэвжав овогтой Амарцэцэг гэдэг. Одоогоор АПУ Дэйри компанид Брэнд маркетингийн албаны даргаар ажилладаг.
Яагаад маркетингийн салбарт ажиллах болсон бэ?
Би багаасаа хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байсан. Цэцэрлэгийнхээ бүх арга хэмжээнд оролцдог байлаа. Сурагч болоод ангийн болон сургуулын ямарваа нэг баяр, арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Оюутан болоод ч энэ зан маань огт өөрчлөгдөөгүй. Багаасаа Математикийн хичээлдээ сайн байсан учир сургуулиа төгсөөд банкинд ажиллана гэж боддог байсан. Би МУИС-ын Математик, компьютерийн сургуулийг төгссөн. Суралцах хугацаандаа хичээлээ сайн хийдэг байсан ч надад нэг л тохирохгүй мэт санагдаж эхэлж, бас тэр хугацаандаа олон арга хэмжээг зохион байгуулдаг болсон юм. МУИС-ийг төгсөхдөө л би маркетингийн хүн гэдгээ бүрэн ойлгосон тул мэргэжлийнхээ талаар илүү сайн судлахаар үргэлжлүүлэн СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагыг магистраар суралцан амжилттай төгссөн.
Хамгийн анхны ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?
Хамгийн анх Хүннү Молл-д ажилд орж байсан. Тухайн үедээ хамгийн том, олон улсын молл-ын стандартын дагуу баригдаж байгаа худалдаа, үйлчилгээний цогц төв байсан. Төслөө хүмүүст танилцуулаад уулзалтууд хийхэд “Ээ дээ, тэнд чинь барилга ч үгүй, хүн ч үгүй юм биш үү” гэдэг байсан. Одоо бол зай, завсаргүй болсон /инээх/ Хүннү молл ороогүй нь хүн биш шүү гэдэг үг дэлгэртэл ажиллаж байсан маань саяхан мэт санагдаж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт юуны улмаас хүчээ сорихоор шийдсэн бэ?
Хүннү Молл-д 5 гаран жил ажилласны дараа хувиараа маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн 2 жил гаран ажилласан. Тэгээд нэг л өдөр карьерын өөрчлөлт хийх хэрэгтэй санагдаад эргээд корпорайт компанид орж ажиллахаар шийдсэн юм. Тэгээд ямар газар ажилд орохоо бодон, өөртөө эргээд дүгнэлт хийгээд үзэхэд би өөрөө өсөж, дэвжиж байх үедээ өөртэйгөө ижил өсөн дэвжиж буй компанид ажилласан. Өөрөөр хэлбэл Хүннү Молл-тойгоо цуг хамтдаа өссөн гэсэн үг. Дараа нь өөрийнхөөрөө хэсэг ажиллаж үзсэн байв. Тэгэхээр надад дутуу кареерын замнал юу байсан бэ гэвэл бүх зүйл нь тогтворжсон групп компани буюу том бүтэц дунд орж ажиллах дутуу байсан. Ингээд би АПУ ДЭЙРИ компанийг сонгосон. Сүү, сүүн бүтээгдэхүүн бол маш гэгээлэг бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хэнд ч сурталчилсан “Энэ чинь худлаа ш дээ” гэж хэлэх бүтээгдэхүүн биш юм. Тиймээс өөртөө болоод бүтээгдэхүүндээ бүрэн дүүрэн итгэлтэйгээр “Энэ бүтээгдэхүүнийг сурталчлах боломж надад байгаа юм байна” гэж шийдсэн. Үүнээс гадна АПУ компанийн үнэт зүйл, алсын хараа миний зорилготой нийцэж, нэг шугам дээр нийлж байсан учир итгэл дүүрэн АПУ ДЭЙРИ компанийг сонгосон.
Та бүтээлч санаагаа хэрхэн олдог вэ? Таны бодлоор бүтээлч байдал гэж юуг хэлэх вэ?
Нэг л янзаараа хэвшмэл, тогтчихсон зүйлийг шинээр буюу өөр өнцгөөс нь харж, ойлгуулж, хүргэхийг бүтээлч байдал гэх юм болов уу. Хэнээс ч санаа зовохгүй, ямар ч шалгуургүй буюу зөв буруу гэдэг зүйл байхгүйгээр нээлттэйгээр ярилцах үед би бүтээлч санаагаа олдог. Мөн аливааг суралцахын хэрээр бүтээлч санаа маань нэмэгддэг гэж боддог. Өдөр тутмын тогтсон амьдралын хэв маягтай байвал бүтээлч санаа төрөхгүй гэж боддог. Тиймээс сонирхолтой зүйлс хийх, хүмүүстэй танилцах, олон улсын судалгаа, салбарын мэргэжилтнүүдийн яриа сонсох, тэр бүү хэл энгийн контент бүтээгчид, Netflix-ийг үзэж бүтээлч санаагаа олох боломжтой. Яаж энэ олон үзэгчдийг барьж, өргөлт уналтаа хаана хийж байна вэ? гэдгийг харах, тэрэнд дүгнэлт хийн бодоход их сонирхолтой байдаг.
Танай багийн бүтээлч байдалд нөлөөлдөг 3 хүчин зүйлийг нэрлээч?
Нэгдүгээрт, brainstorm хийх. Хоёрдугаарт, манай багийнхан өөрсдийнхөө сурч, мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцдаг өдөртэй болсон. Гуравдугаарт, гаднын хүмүүс буюу салбарын мэргэжилтнүүдтэй ярилцах, санал солилцдог.
Стратегийн үүднээс авч үзвэл, ийм өрсөлдөөнтэй, хувьсан өөрчлөгдөж буй салбарт хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ жил бүр өөрчлөгдөж байгаа. Тэгвэл АПУ Дэйри компанийн хувьд эдгээр хувьслуудтай хэрхэн зэрэгцэж ажиллаж байна вэ?
Анх намайг АПУ ДЭЙРИ-д ажиллаж эхлэхэд 4 брэнд, 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол өнөөдөр буюу 2 жилийн дараа 9 брэнд, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ богино хугацаанд бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр маш хурдацтайгаар ажилласан. Хурдтай ажилласны гол шалтгаан нь юу вэ гэвэл сүү сүүн бүтээгдэхүүнийг орчин үеийн амьдралын хэв магт нийцүүлэн хялбар, энгийн, тааламжтай, өдөр тутмын хэрэглээ байлгахыг зорьсон. Товчхондоо сүү, тараг гэхээр л хөдөө очихоороо хэрэглэдэг зүйл гэдэг бодол, зан төлвийг өөрчилж савлагааг жижигрүүлэх, амтны цоо шинэ төрлийг бий болгох зэргээр манай хамт олон ажилласан. Таны нүдэнд харагдаж буй ердөө нэг сүү, тарганд АПУ ДЭЙРИ компанийн 400 гаруй ажилтны хүч, хөдөлмөр шингэсэн байдаг юм шүү. Зах зээл дээр маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэр дундаас хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж, хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болгоно гэдэг бол урт хугацааны турш тасралтгүй хийх ажил юм. Бидний гол баримталдаг зүйл бол эрүүл мэндэд хэрэгтэй хэрнээ амттай, чанартай хүнсийг хэрэглэгчиддээ үнэнээр хүргэхээр зорин ажиллахад оршино.
Таны хувьд хамгийн сайн кампанит ажил гэвэл ямар ажил байдаг вэ? Яагаад?
“Сүү барьж золгоё” гэх кампанит ажлаа нэрлэмээр байна. Цагаан сарын баяраар бид халуун ам бүлээрээ цугладаг баяр. Уг баяраар бид хүндтэй хүмүүстээ өөрийн сайхан сэтгэлээ бэлгэдэж, сүү барьж золгоё гэдэг уриалгыг гаргаж байсан. Энэ ажил маань зөв цагтаа, зөв мессежээр хүрч их хүртээмжтэй болсон.
Мөн би Монголын Маркетингийн Холбоонд сайн дураараа ажиллаад 8 дах жилдээ болж байна. Энэ жил Монголын маркетеруудын хамгийн том чуулган болох “Smart Marketing Conference”-ыг ахалж ажилласан. Анх 200 хүнтэйгээр болдог байсан арга хэмжээ маань 8 жилийн дараа 1600 хүний хүртээмжтэйгээр амжилттай зохион байгуулсан. Мэдээж үүнийг үндсэн ажлынхаа хажуугаар зохион байгуулсан тул надад маш том сорилт бас туршлага болсон.
Залуу маркетерууддаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Өнөөгийн нийгэм мааш завгүй нийгэм болжээ. Хийх зүйлс, үзэж харах зүйлс, уншиж мэдэх зүйлс өдөр ирэх тусам ихсэж байх шиг. Тэгэхээр яг ийм цаг үед төгсөж байгаа залуу маркетерууддаа захиж хэлэхэд өөрийн үнэт цагаа битгий дэмий зүйлд үрээрэй. Өөрөө өөрийгөө ойлгож, өөртэйгөө сайн ярилцаад юуг хүсэж байгаагаа, юуг зорьж байгаагаа эртнээс олж мэдээд яг түүндээ л цагаа зарцуулаарай. Хувийн карьер хөөх үү? Corporate карьер хөөх үү? Аль эсвэл өдөр тутамдаа хийх ёстой зүйлээ хийгээд болчих ажил хиймээр байна уу? гэдгээ маш сайн бодож сонгоорой. Аль ч төрлийг нь сонгосон бай өөрийн сонгосон тэр ажилдаа хамгийн багадаа тасралтгүй 2 жил ажиллаж үзээрэй. Тэр хугацаанд их зүйлийг сурч, бас өөрийгөө илүү ойлгосон байх болно. Сурах шинэ боломжийг идэвхтэй эрэлхийлдэг маркетерууд илүү аз жаргалтай, илүү бүтээлч байдаг гэж би боддог. Тэгэхээр сурахаас, суралцахаас хэзээ ч битгий хойш суугаарай.
Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье!
Comentários