top of page
Writer's pictureSolongo Osoko

М.Билгүүн: Брэндийн стратегиа тодорхойлоогүй бол захирлын хувийн үнэлэмж, маркетингийн ажилтных нь ур чадвараас үр дүн шууд хамааралтай болдог

Updated: 17 hours ago

Marketing Lounge булангийн энэ удаагийн дугаараар М.Билгүүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна


Та өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу.

Намайг Мөнхжаргалын Билгүүн гэдэг. Whyze маркетингийн агентлагийг үүсгэн байгуулаад одоогоор 5 жил болж байна. Анх Сингапур улсын маркетингийн салбарт 6 жилийн туршлага хуримтлуулж, Монголдоо ирээд Y&R Mongolia ХХК-д Art Director, Creative Director-р ажиллаж байсан.


Яагаад маркетингийн агентлаг үүсгэн байгуулах болсон бэ?

Маркетингийн салбарт 10 гаруй жил ажилласны дараагаар өөрийгөө аливаа асуудлын учир шалтгааныг тайлж, стратеги боловсруулах, найруулан бичих чадвартайгаа олж мэдсэн. Гэвч эдгээр чиглэлийн дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлдэг агентлаг тухайн үедээ байгаагүй учраас Whyze агентлагийг үүсгэн байгуулж байлаа.


Гол төлөв ямар төрлийн харилцагчид танай үйлчилгээг авахаар ханддаг вэ?

Ихэвчлэн дотоодын брэндүүд манай агентлагт ханддаг. Учир нь гаднын брэндүүдийн бүхий л зүйл нь тодорхой, түүнийгээ туршиж, батласнаар тухайн улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг. Үүний эсрэгээр дийлэнх дотоодын брэндүүд бүтээгдэхүүндээ тулгуурлаж брэндээ таниулдаг. Тиймээс бүтээгдэхүүн доголдоход брэнд мөн адил доголддог. Брэндийн ДНК, архетип, ялгарал, коммуникацийн төлөвлөлт гээд бүх зүйлийг сайн бодож боловсруулах хэрэгтэй. Анхнаасаа урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө гаргачихвал тухайн бизнесийн хөгжлийн замнал нь тодорхой болдог.


Дотоодын брэндүүдээс гадна олон улсын болоод төрийн бус байгууллагууд нийгмийн маркетингийн төслийнхөө copywriting (бичвэр), коммуникацийн төлөвлөгөөг гаргуулахаар их ханддаг. Жишээлбэл, Азийн сан, Лоринет сантай хамтарч бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд рүү чиглэсэн кампанит ажлыг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.



Гаднын брэндүүдийн стратеги манай зах зээл дээр хэр нийцтэй байдаг вэ?

Янз янз. Ер нь олон улсын томоохон брэндүүд нэвтрэх гэж буй зах зээлдээ зориулж өөрсдийн брэндийн стратегийг шинээр гаргах нь ховор. Сайтар бодож боловсруулсан нэг л глобал стратегиараа зуу гаруй улсын зах зээлд нэвтрээд амжилт олчихсон учраас өөр аль ч зах зээлд тэр нь амжилт олно гэж боддог учраас брэндийн зорилго, алсын хараа, өнгө төрх нь яг нэг янзаараа байдаг. Харин хэрэгжүүлж буй кампанит ажлуудаа тухайн орны зах зээл, хүмүүсийнх нь сэтгэлгээнд тохируулж “adapt” хийх шаардлага тулгардаг учраас гаднын брэндүүд стратеги гэхээсээ илүүтэй кампанит ажлуудынхаа түвшинд маркетингийн агентлагуудтай хамтардаг.


Бизнесийн байгууллагуудын ажлын зар дээр маркетингийн менежер нь стратеги төлөвлөлтөө хийгээд, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж бичсэн байдаг. Энэ хэр бодитой, тохиромжтой шаардлага бол?

Нэг үгээр хариулахад тохиромжгүй. Корпорацын хэмжээнд бол зөвхөн судалгаа хийх, зөвхөн төлөвлөлт хийх, эсвэл зөвхөн эх бичвэрээ бэлддэг, контентоо хийдэг гэх мэт тус тусын хариуцсан ажилтай цогц баг бүрдүүлж ажилладаг. Харин хүн хүч муутай компанийн хувьд ганц хоёр хүн стратегиа бүх шатанд нь төлөвлөөд түүнийгээ бас хэрэгжүүлээд явах маш хэцүү. Өдөрт ажлын 8 цаг л байгаа шүү дээ. Түүнчлэн бодож сэтгээд, төлөвлөлт хийдэг, түүнийг нь гүйцэтгээд бусдад дамжуулж хүргэдэг ажлууд сэтгэхүй, арга барил, ур чадварын хувьд тэс өөр зүйл шаардагдана. Тиймээс одоо бизнесийн байгууллагууд маркетингийн ажлууд дээрээ зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэлийн агентлагтай хамтарч ажиллах хандлага нэмэгдэж байна. 


Брэндийн стратегиа тодорхойлоогүй болон тодорхойлсон брэнд хоёрын хооронд мэргэжлийн хүний өнцгөөс дүгнэхэд ялгаа байдаг уу? 

Коммуникаци дээр нь тодорхой харагддаг. Тухайн брэнд өөрийн гэсэн дүр төрх, байр сууриа тодорхойлж уу, үгүй юу гэдэг нь энгийн зүйлээс мэдэгдэнэ. Брэндийн стратегиа тодорхойлоогүй бол коммуникацийн ажлууд нь хувь хүнээс хамааралтай буюу захирлынх нь хувийн үнэлэмж, маркетингийн ажилтных нь ур чадвараас шууд хамааралтай болдог. Брэндээ ямар байхыг ул сууриар нь тодорхойлчих юм бол ажилтан солигдсон ч, баг өргөжсөн ч, гаднын зөвлөх үйлчилгээ авсан ч ганхахгүй жанжин шугамтай болдог. 


Брэндийн стратегийг боловсруулах үйл ажиллагаагаа маш энгийн үгээр тайлбарлаж өгнө үү.

Жишээ нь талхны брэнд байлаа гэж бодоход талхны зах зээлээ, хэрэглэгчээ ойлгохоос ажил эхэлнэ. Яагаад хүмүүс талх идээд байгаа юм? Яагаад ихэвчлэн дэлгүүрээс аваад байгаа юм? Ямар талхыг хэн идээд, тэрийг нь хэн идэхгүй байгаа юм? Нөгөө талдаа харилцагч маань яагаад заавал талхны зах зээлийг сонгож ажиллаж байгаа юм? Тэр талх нь ямар онцлогтой юм? Олон онцлогтой бол алийг нь хэнд юу гэж ямар аргаар хэлж өгөх юм гэдгийг л тодорхойлох процесс.



Харилцагч байгууллагуудтай урт хугацаанд хамтарч ажиллахад харилцааны ямар ур чадвар, арга техникүүд шаардлагатай байдаг вэ? 

“Chemistry” үүсэх гэж ярьдаг шүү дээ. Үзэл бодол адилхан байх албагүй ч ойлголцож чаддаг байх ёстой. Харилцагч ч тэр, агентлаг ч тэр хоёр биеэсээ хүлээх хүлээлт яг нэг цэг дээр огтлолцож байж тэр харилцаа амжилттай болдог. Ойлголтын зөрүү үүсэж огт болохгүй. Тэгэхээр хэн хэн нь шударга, нээлттэй харилцах хэрэгтэй гэсэн үг.


Маркетингийн салбарын маш олон ажлуудыг хиймэл оюун ухаан орлож эхэллээ гэж ярих болсон. Таны зүгээс энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Яг одоогийн нөхцөлд бидний ажлыг орлож байна гэхээс илүүтэй ажлыг илүү хөнгөвчилж өгч байна гэж харах хэрэгтэй. Бидний туслах ажилтан эсвэл brainstorm хийх үед багийн нэг гишүүн гэдэг утгаар ашиглавал зүгээр. Бүх ажлыг хиймэл оюун ухаан бичиж өгөөд түүнийг нь шууд ажил хэрэг болгоно гэвэл огт хөрсөн дээр буухгүй, модон болно. Гэхдээ гаднын орнуудад copywriter-ууд ажилгүй болж эхэллээ гэж сонсогдох болсон. Харин монголын хувьд тэр цаг ирэх болоогүй.


Таны хувьд copywriting ажилдаа хамгийн их анхаардаг зүйл, ашигладаг арга барил юу вэ? Ер нь яагаад copywriting ажлууд хийх болсон бэ?

Өсвөр насандаа Английн Eton College-д суралцаж байх хугацаандаа тухайн орчинд бас сургуульдаа дасах гэж их хугацаа шаардсан. Тухайн үедээ их ном уншиж, улмаар бичих дуртай болсон. Тиймээс өөрийгөө зохиолч ч юм уу, ер нь бичгийн хүн л болно гэж төсөөлдөг байсан юм. Ажил мэргэжлийн замнал маань намайг маркетингийн салбар луу хөтөлсөн учраас copywriting буюу эх бичвэр бичих ажлуудыг түлхүү сонирхсон.

Copywriting дээр хамгийн их ашигладаг арга барил бол “Яаж хамгийн энгийнээр бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлах вэ” гэдэг дээр анхаардаг. Тодорхой хэмжээнд уран яруу байх нь мэдээж. Гэхдээ ганган чамин үгс сонгохоос илүүтэйгээр уншихад урсах хэмжээний байх ёстой.


Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.  Ажлын өндөр амжилт хүсье!


Commentaires


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page