top of page
Writer's pictureAdvertising Journal

АПУ ХК-ын брэнд менежер Б.Уянга

Updated: Oct 22

Marketing Leaders ярилцлагын булангаа үргэлжлүүлж, ээлжит зочноороо "APU" компанийн брэнд менежер Уянгыг урилаа. "The Devil wears Prada" киноны гол дүр шиг хөнгөн алхаатай, загварлаг хувцаслаж инээд цацруулсаар бидэнтэй мэндчилэх түүний ажиллах арга барил, маркетингийн салбартай холбогдох болсон түүх гэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг доорх ярилцлагаас хүлээн авна уу.

Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу.

Намайг Уянга гэдэг. ОХУ-ын Москва хотод Санхүүгийн сургуулийг 2011 онд төгссөн. Сургуулиа төгсөөд "Гоёо" кашмерет 2017 он хүртэл ажилласан. 2020 оноос APU компанийн брэнд менежерээр ажиллаж байна. Одоогоор Eden, Алтан түрүү, Тундра, Ерөөл, ARKHI, Ooze гэсэн брэндүүдийг хариуцан ажилладаг.

Та өөрийн ажиллаж буй салбарын онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

Маркетингийн мэргэжлийн онцлог бол өөрийнхөө хүссэн юмыг хийж амьдруулж чаддагаараа онцлогтой. Юунд ч баригдаж хязгаарлагдахгүй. Хүн өөрөө бодож, сэтгэж чадвал бүхнийг хийх боломжтой нь миний ажлын хамгийн сайхан зүйл.

Салбарын онцлогоос хамаарч маркетингийн арга хэрэгсэл, стратегиа өөр байдлаар тодорхойлох шаардлага гардаг болов уу

Архины сурталчилгааг хаалттай хийдгээрээ онцлогтой. Хатуу архинаас гадна дэлхийн тренд болж байгаа коктейлийн шинэ төрлийг оруулж ирэн зөв соёлтой хэрэглээг бий болгохыг зорьж байна. Зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ таниулахаас гадна томоохон фестиваль, арга хэмжээгээр дамжуулан сурталчилахыг эрхэмлэх болсон. Манайхаас бүтээгдэхүүн болгоны өнгө төрхийг тодорхойлж, түүндээ таарсан төсөл, ажлуудыг хийдэг. "Eden" брэнд дээр гэхэд урлаг соёл, тэр дундаа загварын шоугаар дамжуулж маркетингаа хийж байна.

Та сая бренд бүрийг өөр өөр өнгө төрхтэй гэсэн шүү дээ. Eden брендийн маркетингийн өнгө төрхийг хэрхэн тодорхойлсон бэ?

Eden брэндийг анх гарч эхлэхэд загвар, уран зураг, галлерейтэй холбох бодлоготой байсан. Үүний дагуу загварын улирал бүрд зохион байгуулдаг шоунд хамтран ажиллаж "Cocktail service" үйлчилгээ үзүүлдэг. Дурьдвал, Монголын загварын холбоо, “O Couture” брэндийн жил бүрийн уламжлалт шоунд, ковидын үеийн дижитал шоунуудад ч хамтарч ажилласан.


Eden брендийн кампанит ажлын хүрээнд хйисэн бичлэг интернет орчинд хурдацтай тархаж олон хүнд хүрсэн байсан

Зуны тренд коктейлыг гаргах зорилготой “The garden of Eden” зуны кампанит ажлын хүрээнд хийсэн бичлэг олон хүнд хүрсэн. Үүний нууц нь бидний гаргасан бяцхан алдаанаас үүдэлтэй. Өнгөлөг гоё орчинд гурван охин коктейл ууж байгаа байдлаар хийсэн бичлэгийг хүмүүс шууд архи хуваагаад уучихлаа гэж ойлгосноос үүдэн интернэт орчинд нилээн хандалт авсан. Бүхнийг яг зөв, ямар ч алдаагүй хийж болох ч зарим тохиолдолд алдаа нь давуу тал болох боломжтой байдаг шүү дээ. Дараагийн контентууд орсноор коктейл гэдэг нь мэдэгдэж эхлэхэд хүмүүс зөвөөр ойлгож эхэлсэн.

Та сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Түүнээс юу суралцсан бэ?

Анх загварын сонирхолдоо хөтлөгдөн Гоёо кашмерет орж байсан. Санхүүгийн тал руу мэргэшсэн ч анх ажлын ярилцлагад орохдоо өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, хийхийг хүсч байгаа зүйлсээ зоригтой хэлж байсан юм. Түүндээ ч хүрч ажиллах хугацаандаа бодсон зүйлсээ бодит болгож чадсан. Үүнээс би, хүн ер нь мэдлэг чадвартай байж болох ч өөртөө итгэлтэй, зоригтой байх нь чухал гэдгийг ойлгож авсан. Мөн Гоёо Кашмерет (Goyo Cashmere) ороод олж авсан дадлага туршлага гэвэл цагийн менежмент мөн багаар ажиллах чадвар. Амьдралд хамгийн хэрэгтэй эдгээр чадварыг эрт олж авах нь их чухал санагддаг шүү.



"Хүн ер нь мэдлэг чадвартай байж болох ч өөртөө итгэлтэй, зоригтой байх нь чухал гэдгийг ойлгож авсан"


Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг, хамгийн чухал зүйл таны хувьд юу вэ?

Хамгийн чухал нь хамт олны уур амьсгал, дэмжлэг туслалцаа. Хоёрт, төлөвлөгөөтэй байж хурдтай ажиллах чухал. Мэдээж сайхан кофе ууж эрч хүчээ сэлбэдэг.

Та хамт олноо 3 үгээр тодорхойлооч.

Найрсаг, галзуу, шинэлэг

Та ажил хэрэг болон өөрийн хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Хамгийн түрүүнд зорилготой байх хэрэгтэй. Ажил амьдралынхаа хувьд өнөөдрөөс илүү маргаашийг бий болгоно гэсэн зорилготой л байхад бүх зүйл аяандаа бүтдэг юм шиг санагддаг. Мөн өөрийгөө хүндэлж хайрлах маш чухал. Өөрийгөө хүлээн зөвшөөрч алдаагаа уучлах нь өөрөө өөртөө эрхэм, нандин хандах хамгийн чухал зүйл гэж боддог. Тиймдээ ч ажил дээр үүсэх асуудал, алдаа бүрийг эерэг талаас нь харж “За яадаг юм бэ, зүгээр дээ” гэж өөрийгөө буруутгалгүй өнгөрөөхийг хичээдэг. Угаасаа амьдрал үргэлжилж байхад асуудал байх нь тодорхой шүү дээ. (Инээв) Асуудлыг хүлээж авах эерэг хандлагатай байхыг л их хичээж байна даа.

Таны үзэх дуртай кино, нэвтрүүлэг юу вэ?

Би инээдмийн кино үзэх дуртай. Ялангуяа мэргэжилтэйгээ ойр кино сонгож үздэг. Жишээлбэл, “Devil wears Prada” бол миний хамгийн дуртай кинонуудын нэг. Мөн уран зөгнөлт, адал явдалт кино үзэх сонирхолтой. Сүүлийн үед “Netflix”- ээс кино их үзэж байна. Орос улсад сурч төгссөн учраас ихэнхдээ Орос хэлээр подкаст, нэвтрүүлэг үздэг.

Та яг одоо өөрийн хүссэн ямар ч газар луу аялж болно гэвэл хаашаа аялах вэ?

Миний сүүлийн таван жил очихыг хүсч байгаа нэг газар бий. Тэр бол асар их түүх соёлын өлгий болсон Грекийн Санторини арал юм. Тийшээ л очихыг хүсч байна даа.

Таны ажиллаж буй мэргэжлээр суралцаж байгаа залуу үеийхэнд хандаж юу гэж хэлмээр байна.

Миний үеийн залуус, орчин үеийн залуусын ажиллах арга барил, хандлага тэс өөр болсон. Энэ салбар бол галзуу сэтгэхийг шаарддаг. Өөрийгөө залуу, мэдлэг туршлага дутмаг гэж бодолгүй эрч хүчтэй, галзуу байх нь зүйтэй. Хүнд олон гоё санаа төрдөг шүү дээ. Тэрийгээ буруу байх вий, тэнэг сонсогдох вий гэж бодолгүй хэлж илэрхийлэх л маш чухал. Өөрт олдож байгаа бүхий л боломжоо бүрэн дүүрэн ашиглаасай хүсч байна.

Viral Agency-тэй хамтран ажиллах нь та бүхэнд ямар үнэ цэн, давуу талыг бий болгож чаддаг вэ?

2020 оноос хойш "Viral" агентлагтай хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд жил бүрийн томоохон кампанит ажил, "Eden" бүтээгдэхүүний кампанит ажилуудад хамтарсан. Хамтран ажиллах хугацаанд гарах асуудал бүрийг маш хурдтай, чадварлагаар шийдвэрлэж өгдөг нь миний ажиллах арга барилтай нийцдэг учраас их таатай байдаг. Харилцаа холбоо сайтай байж аливаа ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх нь бидний хамтрал амжилттай байхад чухал хөшүүрэг болдог байх гэж бодож байна.

Ийнхүү бидний ярилцлага ажил, амьдралын олон сэдвийг хамруулан үзэл бодлоо чөлөөтэй хуваалцсан, өөрийгөө хайрлаж, эрч хүчтэй ажиллахаар шулуудсан өнгө аястай өрнөж, төд удалгүй өөр нэгэн компанит ажилд хамтран ажиллахаар тохиролцон өндөрлөлөө. Дараагийн дугаараар эргэн уулзацгаая.

Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page