Энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар АПУ компанийн брэнд менежер А. Ууганбилэг бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриаг өрнүүллээ. Та бүхэн хүлээн авна уу.
Та өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу.
Намайг А. Ууганбилэг гэдэг. Эхнэр хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг. АПУ компанид 2018 оноос хойш архины брэнд менежерээр ажиллаж байна. "Super premium" чиглэлийн Чингис хаан, Шигүдэри, Velvet, Соёмбо, Elix гэсэн 5-н брэнд дээр ажилладаг.
Таны ажиллаж буй салбарын онцлогоос хамаарч маркетингийн арга хэрэгсэл, стратегиудыг тэс ондоо байдлаар тодорхойлох шаардлага гардаг байх. Энэ тухайгаа хуваалцаач.
Архины маркетингийн зах зээл өөрөө бусад маркетингийн чиглэлийг бодвол нэлээн хаалттай байдаг. Ямар нэгэн байдлаар телевиз олон нийтийн сүлжээгээр архи, согтууруулах ундааны сурталчилгаа хийж болохгүй. Тиймээс бид түлхүү эвент арга хэмжээгээр дамжуулан сурталчлахыг зорьдог. Жишээлбэл: Silence white, Playtime гэх мэт хөгжмийн фестиваль болон энд тэндхийн чуулган уулзалтууд дээр дэмжин хамтарч ажилладаг.
Мөн сошиал дээр дарк вишуал буюу архи, согтууруулах ундааг шууд харуулахгүйгээр соёлтой хэрэглээний мэдлэг олгосон контентуудыг түгээх маркетингийн арга ашигладаг. Тэр дундаа коктейлийн төрлийг онцолж, коктейль соёлыг бий болгох гээд ажиллаж байна.
АПУ компани 100 жилийн түүхтэй компани. Зах зээлийн нийгэм буюу 1990, 2000 оны эхэнд үед бүтээгдэхүүнээ борлуулахыг зорьж ажилладаг байсан бол одоо “Хариуцлагатай хэрэглэе” гэдэг талаас дуугарч эхэлсэн. Тэр ч утгаараа бидний хийж байгаа ажил маань дандаа хариуцлагатай хэрэглэе гэдгийг онцолж, түүн рүү чиглэсэн мэдлэг олгох контентууд хийж байна.
Хамгийн сүүлд хийсэн онцлох ажлаасаа танилцуулаач. Жишээ нь: “Гайхамшигт Жолооч” кампанит ажил.
АПУ компани өөрөө том бүтэцтэй учраас бид бүхэн компани дотроо бүтэц бүрээс тухайлбал маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хангамжийн алба, байгууллагын харилцааны алба гэх алба болгоноос хүмүүс оролцуулан “Хариуцлагатай хэрэглээ” гэдэг жижиг баг бүрдүүлсэн. Түүний хүрээнд бид хэд хэдэн ажлуудыг төлөвлөсний нэг нь “Гайхамшигт жолооч - Уусан бол жолоо барихгүй” гэдэг кампанит ажил юм. Яагаад эхлүүлсэн бэ? гэхээр Монгол улсад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих явдал их тохиолддог.
Түүнээс үүдэн амь нас эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд олон. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм рүү чиглэсэн кампанит ажлуудыг хийх ёстой гэж үзэн монголдоо анх удаа тээврийн цагдаагийн газар болон ub cab-тай хамтарч “Гайхамшигт жолооч уусан бол жолоо барьдаггүй” кампанит ажлаа эхлүүлсэн. Нэрээ яаж өгсөн бэ? гэвэл судалгаагаар 4-5 жил жолоо барьсан эсвэл шинэ жолооч нар уусан үедээ жолоо барих тохиолдлууд олон байдаг гэсэн дүгнэлт гарсан юм байна лээ. Тийм учраас “Гайхамшигт жолооч гэж сайн жолоо барьдаг хүмүүсийг биш, уусан үедээ жолоо барьдаггүй хүнийг л нэрлэдэг шүү” гэж энэ нэрийг өгсөн.
Тус кампанит ажлын хүрээнд ямар эерэг үр дүн, өөрчлөлт гарсан бэ. Мөн ямар challenge бий болсон бэ?
Бидний анхны зорилт бол 3000 залуусаас “Уусан бол жолоо барихгүй” гэсэн амлалт авна гэсэн төлөвлөгөө байсан. Тэгтэл эхний өдрөө UG arena спорт цогцолборт Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тоглолтын үеэр гайхамшигт жолоочоо танилцуулаад хүмүүсээс амлалт авахад тэр өдөртөө аль хэдийн 1700 хүнээс амлалт авч чадсан.
Түүгээрээ дамжуулан олны танил хүмүүсийг уриалгадаа нэгдүүлж олон хүнд хүрч чадсан гэж бодож байна. Одоогийн байдлаар 3000 хүнээс амлалт авна гэсэн зорилт маань аль хэдийн 200 хувьтай биелсэн.
Тээврийн цагдаагийн газраас, мөн сошиал орчинд ч гэсэн “яг үүний төлөө нэг компани заавал дуугарах ёстой байсан, та нар яг зөв цагтаа дуугарлаа”, “Эерэг өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна” гэх мэт олон нийтээс маш их эерэг сэтгэгдлүүдийг авч байгаа нь энэ ажил маань урт хугацааны ажил хэдий ч нийгэм рүү чиглэсэн бодит өөрчлөлт рүү бага багаар ахиад явж байгаагийн илрэл гэж харж байна.
Таны хийж буй ажлын хамгийн сайхан зүйл нь юу гэж боддог вэ?
Ер нь залуучууд руу чиглэсэн нэлээн том ажлуудыг хийдэг. Миний хийж байгаа ажлаар дамжуулж залууст бүгдээрээ “Хариуцлагатай хэрэглэе” гэсэн уриалгыг гаргаж, зохистой уух соёлыг Монголд бий болгохын төлөө ажиллаж байгаа нь өөрөө нэг шат ахисан зүйл. Олон залуучуудад нөлөөлөх ажил хийж байгаа учраас түүнээсээ их урам зориг авдаг.
Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг, хамгийн чухал зүйл таны хувьд юу байдаг вэ?
Маш сайн төлөвлөх хэрэгтэй. Маш сайн төлөвлөж байж кампанит ажлынхаа насжилтын хугацааг тодорхойлно. Дутуу төлөвлөсөн бол дунд нь алдаанууд их гарч ирнэ. Хэрэв төлөвлөлтөө маш сайн хийчих юм бол дундуур нь жижиг алдаанууд гарсан ч засаад явах боломжтой. Мөн энэ кампанит ажлыг хийх гол түлхэц нь үүнийг хэрэгжүүлснээрээ “Би юу бүтээсэн бэ”, “Компанид ямар үнэ цэнэ бий болгосон бэ” гэдгээсээ өөрөө сэтгэлийн таашаал авч байгаа нь их чухал санагддаг.
Та хамт олноо 3 үгээр тодорхойлооч.
Эрч хүч, Галзуу, Үнэ цэн бүтээгчид
Та ажил хэрэг болон өөрийн хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Хэлсэн бол хийнэ гэсэн зарчим. Ямар нэгэн ажил эхлүүлсэн бол төгсгөлийг нь үзэж байж санаа амарна. Заавал тэр ажлаа дуусгана гэсэн тууштай зан чанартай. Амьдрал дээрээ ч гэсэн гадаад явна гэж төлөвлөсөн бол яг төлөвлөгөөнийхөө дагуу л хийнэ.
Нэгэнт асуулт маань хувь хүний шинж рүү орсон учир үргэлжлүүлээд хувийн асуултууд асууя гэж бодлоо. Та ажлын бус цагаар, ажлаас өөр юу хийж аз жаргал мэдэрдэг вэ?
Би спортод нэлээн сонирхолтой. Сагс, хөлбөмбөг, волейбол болон Esport-р бас хичээллэдэг байсан. Одоо гэр бүлтэй, ажил ихтэй байдаг тул ажлын бус цагаар аль болох гэр бүлтэйгээ, ялангуяа охинтойгоо цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. Түүнээс л эрч хүчээ цэнэглэж, аз жаргалаа мэдэрдэг.
Таны үзэх дуртай кино, нэвтрүүлэг юу вэ?
Би нэг ангитай, тулаант кинонуудад дуртай. Нэвтрүүлэг гэвэл сүүлийн үед хүнд сэдэвтэй нэвтрүүлэг үзэхээр түүнээс стресс авдаг болохоор хөнгөхөн “Baji & Yalalt” ч юм уу “Мандуулын подкаст”-г их сонсдог болсон.
Подкаст сонсоод олж авмаар байгаа мэдээллүүдийг олоод авч, түүнээс яг гоё ном уншиж байгаа юм шиг, хоол идэж байгаа юм шиг мэдрэмжийг авдаг.
Та яг одоо өөрийн хүссэн ямар ч газар луу аялж болно гэвэл хаашаа аялах вэ?
Шууд Америкийн Сан-Франциско хот руу явна. Тийшээ явахаар ч төлөвлөж байгаа. Баруун эргийн бүсэд, Сан-Франциско-той ойрхон, амьдрах орчин ч таатай. Мөн тэнд манай эхнэрийн талын ээж ,ах нар байдаг учир тэд нар дээрээ зочилмоор санагддаг.
Та хамгийн анх сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Түүнээс юу суралцсан бэ?
Хүүхдийн парк буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д арга хэмжээний менежерээр анх ажиллаж байсан. Тухайн үед юу ч мэдэхгүй хүүхэд дөнгөж төгсөөд хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ зохиогоод явж байсан. Дандаа хүүхдүүдтэй ажилладаг нь надад маш гоё санагддаг байсан. Одоо хийж байгаа ажлынхаа төсөл боловсруулах, төлөвлөх, гэрээ хэлэлцээр хийх зэрэг ур чадваруудын суурь нь тэнд ажиллаж байхад тавигдсан гэж боддог.
Таны ажиллаж буй мэргэжлээр яг одоо суралцаж буй, дөнгөж ажлын гараанд гарж буй шинэ залуу үеийхэнд хандаж юу гэж хэлмээр байна.
Маркетингаар ажиллах гэж байгаа хүүхдүүдэд хэлэхэд хамгийн эхэнд “Юунд ч битгий баригдаарай” гэж хэлмээр байна. Намайг маш том алдаа гаргаад зэмлэл хүртэх байх гэсэн айдастай байхад захирлын маань надад хэлсэн үгийг би ер мартдаггүй юм. “Чи ажил хийгээд алдаа гаргасан ч шинэ юм хийсэн шүү. Хэн ч хийхгүй байсан юмыг чи хийлээ, алдаагаа давтахгүй үргэлжлүүлээд цаашаагаа супер болоорой” гэж байсан. Тиймээс алдахаас битгий айгаарай, цоо шинээр сэтгээд хийж байгаа нь амжилт шүү. Чөлөөтэй бүх юмыг туршиж үз. 2-рт гэхэд хэл хамгийн чухал шүү. Англи хэл хэрэглээ болсон учир хэлээ битгий орхигдуулаарай гэж хэлмээр байна.
Viral Agency-тэй хамтран ажиллах нь та бүхэнд ямар үнэ цэн, давуу талыг бий болгож чаддаг вэ?
Үргэлж л таатай байдаг. Хүсэж байгаа бүгдийг хийж чаддаг. Нэлээн залуу, байнга цус сэлбэж байдаг хамт олон гэж хардаг. Тэр ч утгаараа шинэ содон санаанууд их гарч ирдэг шиг харагддаг. Нэмээд хариуцлагатай, хийе гэсэн бол заавал ард нь гардаг, эерэг хандлагатай хамт олон гэж боддог. Цаашдаа ч хамтарч ажиллана гэж бодож байна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Олон залууст эерэг нөлөөллийг авчирч байгаад баярлалаа. Таны цаашдын бүтээлч ажилд амжилт хүсье.
Уншигч та бүхэнд үнэтэй мэдээллийг хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн дугаараар ахин уулзацгаая.
Comentarios