top of page
Writer's pictureAdvertising Journal

Marketing Mavericks: “Voo” “Уяанаасаа алдуур” кампанит ажлын төслийн менежер Б. Энххүслэн

Шинэ долоо хоног эхэлж сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар олны анхаарлыг татаад буй "Уяанаасаа алдуур" кампанит ажлыг онцоллоо.

Дугаарын зочноор "Мобинет"-н чадварлаг залуусын төлөөлөл, брэнд менежер Б. Энххүслэн оролцсон бөгөөд "Уяанаасаа алдуур" ажлыг гүйцэтгэсэн өөрийн туршлагыг хуваалцсан юм. Түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг сэтгүүлийн хуудсанд буулган бичсэнийг маань уншигч та бүхэн хүлээн авна уу.


Танилцуулгаар яриагаа эхлэе гэж бодлоо. Өөрийгөө болон "Voo" платформын тухай товчхон танилцуулна уу.

Намайг Энххүслэн гэдэг. Би Мобиком корпорацийн брэнд менежерээр ажилладаг. Мобикомын охин компани болох Мобинет ХХК нь “Mobinet” интернэт болон “VOO” үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. "VOO" нь гурвалсан үйлчилгээ биш бөгөөд "OTT" платформ гэсэн төрөлд ордог. Бусдаасаа ямар давуу талтай вэ гэхээр хэрэглэгчид өөрт тохирсон багцаа сонгож, сарын суурь хураамжаа төлөөд VOO дээрх бүх контентийг хязгааргүй үзэж болох ба кино, контент, суваг бүрд ахиж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй юм. Дээрээс нь “Voo originals” гэсэн цэсэд зөвхөн VOO-д ордог цуврал кино, контентууд бий. Бид аль болох Монгол кинонуудаа үзэгчдэдээ зориулж гаргахыг хүсдэг.


Та уншигчдадаа хандан “Уяанаасаа алдуур” кампанит ажлын тухай мэдээлэл өгнө үү.

Техник технологийн дэвшилтэт эрин үе бий болж байгаа учраас Монголчууд ч гэсэн Дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай болсон гэдэг утгаар бид VOO аппликейшныг зурагт дээр татаж суулгах боломжтой болгож хөгжүүлэлт хийсний үр дүнд энэ кампанит ажлыг эхлүүлсэн.

Бид нар гурвалсан үйлчилгээг хэрэглэхэд эхлээд гэрээ хийх, төхөөрөмж суулгах гээд их ажил болдог, мөн зурагтдаа маш олон залгуур залгаад, харахад их тухгүй байдаг шүү дээ. Харин Voo-г хэрэглэснээр зурагт дээрээ ганц аппликейшн суулгаад л бүх үйлчилгээг нэг дор авах боломжтой. Сувгаа ч үзэж болно, киногоо ч үзэж болно, утас, өөр таблетууд гээд бүх төхөөрөмж дээр ашиглах боломжтой.


Уяанаасаа алдуур кампанит ажлыг санаачлах санаа анх яаж бий болсон бэ?

өахрол

Яаж санаагаа хүмүүст ойлгомжой, товчхон хүргэх вэ? гэж бид их цаг зарцуулж, өчнөөн ярилцсан. Түүний үр дүнд одоогийн энэ инээдтэй слоган маань гарсан. Ярилцаж байх үед манай графикч залуу анх тоглоомоор “Уяанаасаа алдуур” гэдэг үгийг хэлсэн ч энэ үг нь одоо манай уриа үг болсон. Яагаад энэ үгийг сонгосон бэ гэхээр хоорондоо ярилцаад байсан чинь энэ үг үнэхээр л яг “Уяанаасаа алдуур” “Хүлээнээсээ чөлөөлөгд”, “Бүх юмнаас өөрийгөө хараат бус байлга” гэж бидний хүргэх гээд байгаа санааг бүрэн илэрхийлж байсан болохоор “Уяанаасаа алдуур” гэдэг үгийг сонгосон. Юманд уягдаад яваад байх шаарлага байхгүй, өөрийгөө чөлөөлөөд эрх чөлөөтэй байгаарай гэдэг утгаар аян бий болсон.


Тус аяны хүрээнд тохиолдсон эерэг үйл явдал, ажлын бүтээмж юу байсан бэ?


Энэ кампанит ажил хэрэгжсэнээр хүмүүс аль болох утастай төхөөрөмжөөс салж, зурагтан дээрээ апп суулгах гэж манайхаас их асуудаг болсон. Энэ өөрчлөлт нь тус кампанит ажлын үр дүнг харуулах байх гэж бодож байна.


Таны хийж буй ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?


Би бараг л мөрөөдлөөрөө ажиллаж байна. Би өөр мэргэжилтэй ч гэсэн өөрийнхөө сонирхлоо дагаад VOO-д ажиллаж эхэлсэн. Тэр утгаараа энэ ажилдаа их дур сонирхолтой байдаг. Ядрангуй байсан ч гэсэн ажлынхаа дундуур кино үздэг. Тэр нь миний ажлын төлөвлөгөө болчихож байгаа юм. Киноны маркетинг хийхийн тулд киногоо заавал үзнэ. Дуртай юмаа хийж байгаа болохоор тэр нь надад сонирхолтой байдаг даа.

Ямар шалтгаанаар "Viral" хамт олонтой хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ? Viral-н хамт олонтой хамтарч ажиллахад ямар байдаг вэ?


Бид нар ажиллах боломжтой бүх агентлагууд руу үнийн саналаа явуулсан. Үнийн санал явуулаад эхнээс нь уулзаад явахад манай саналыг хамгийн сайн ойлгоод, гүйцэтгэл дээр хамгийн сайн байж чадах нь "Viral" гэж үзээд энэ ажил дээр хамтрахаар болсон. Мэдээж ажил эхлэх үед асуудлууд гарж байсан ч гэсэн хэн хэндээ хэрэгтэй санаагаа ярилцаж гаргаад явсан болохоор кампанит ажил маань удаан явсан ч гэсэн их дажгүй өрнөсөн гэж бодож байна. Одоо бодоход энэ ажил маань анх төсөөлснөөс илүү хүмүүст хүрсэн байна.


Эхлүүлсэн төслөө амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг, хамгийн чухал зүйл таны хувьд юу байдаг вэ?

Хамгийн чухал зүйл бол сайн төлөвлөгөөтэй байх. Маркетингийн төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй. Мөн түүнээс илүүгээр юмыг олон талаас нь харах нь их чухал. Үйлчилгээ маань ийм юм чинь ийм л хүмүүст зориулсан гээд ганц зам гаргаж ирээд түүгээр явах гэж зүтгэхийн оронд олон талаас нь харж судалгаа хийсний үндсэн дээр төлөвлөгөө гаргах нь их чухал санагдсан.


Та ажил хэрэг болон өөрийн хувийн амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Whatever happens it happens.

Нэгэнт асуулт маань хувь хүний шинж рүү орсон учир үргэлжлүүлээд хувийн асуултууд асууя гэж бодлоо. Та ажлын бус цагаар, ажлаас өөр юу хийж аз жаргал мэдэрдэг вэ?


Чөлөөт цагаараа дандаа кино үздэг. Цаг гарвал л аль болох кино үзэхийг хичээдэг. Сүүлийн үед ‘Art’ талын кинонууд таалагддаг болсон.

Таны үзэх дуртай кино, нэвтрүүлэг юу вэ?


Миний хаана ч бодож явдаг кино бол “Dark Knight” трилоги. Аль нэг ангийг нь илүү үнэлж дээр доор нь оруулсан зүйл байдаггүй. Багадаа хүүхэлдэйг нь үздэг байж байгаад анх удаа киног нь үзээд түүнээс хойш кинонд их дуртай болсон.

Цаашлаад кино урлаг гэж юу вэ?, кинонд юу орох ёстой байдаг вэ? гэх зэрэг бүх детайлийг тэр киноноос ойлгож, энэ чиглэл рүү явах хэрэгтэй юм байна гэж бодоод киноны чиглэлээр ажиллаж байна. Тийм болохоор хэзээ ч уйддаггүй, тогтмол 7 хоногт нэг удаа байнга үздэг тийм л кино. Voo дотор байгаа кинонуудаас хамгийн дуртай нь гэвэл 95% кино гэж хэлмээр байна.

Та яг одоо өөрийн хүссэн ямар ч газар руу аялж болно гэвэл хаашаа аялах вэ?


“New Orleans” орж үзмээр байна. Олон төрлийн фестиваль, эвент болдог, олон дурсгалт газруудтай жижигхэн хот хэрнээ их сонирхолтой санагддаг. Тийм болохоор очиж ганц өдрийг ч болтугай өнгөрөөхийг хүсдэг.

Та хамгийн анх сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ? Түүнээс юу суралцсан бэ?


Хамгийн анх оюутан байхдаа Мобикомд хичээлийн бус цагаараа операторын ажил хийдэг байсан. Ажиллах хугацаандаа хүнтэй яаж зөв харилцаж сурах вэ гэдгийг их сайн ойлгосон. Би өөрөө их дотогшоо хүн, ерөөсөө хүнтэй харьцаж чаддаггүй байсан ч хүмүүстэй харилцсаар байгаад утасны цаанаас олон янзын ааштай хүмүүстэй яаж тааруулж харьцах вэ? Яаж хүний арга эвийг олох вэ? гэдгийг хамгийн сайн ойлгосон.


Таны ажиллаж буй мэргэжлээр яг одоо суралцаж буй, дөнгөж ажлын гараанд гарж буй шинэ залуу үеийнхэнд хандаж юу гэж хэлмээр байна.

Photo by: Bud


Үнэхээр маркетингийн менежер болох сонирхолтой бол хамгийн түрүүнд судалгаа сайн хийх шаардлагатай. Чиний харж байгаа өнцөг юу ч биш болно. Чамаас гадна маш олон хүн өөр өнцгөөр харж байгаа. Тэр хүн болгонд үйлчилгээгээ хүргэхийн тулд

Аливаа зүйлийг олон талаас нь харж, олон улсын чанартай зүйлийг хийх хэрэгтэй.

Дээрээс нь ном сайн унших шаардлагатай. Хувь хүний хөгжлийн тухай гэхээсээ илүү уран зохиолын номууд сайн унших нь юмыг олон талаас нь харах нүдийг илүү нээж өгдөг гэж боддог. Ямар ч мэргэжилтэй байсан, ямар ч ажил эхлүүлэхээсээ өмнө ном сайн уншиж тархиа цэнэглээд, хайрцагнаас гадуур сэтгэж сурах хэрэгтэй гэж бодож байна.


Бидэнд цаг заваа харамгүй зориулж, өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.


Ийнхүү Б. Энххүслэн бид хоёрын яриа өндөрлөлөө. Уншигч та бүхэнд үнэтэй мэдээллийг хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн дугаараар ахин уулзацгаая.


Сэтгүүлч: Д. Мөнгөнцэцэг



Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page